Өнөөдөр Малайз улсад 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд оролцож байгаа юм.
Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд манай хөвгүүд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Жилийн өмнө Монголын баг анх удаа энэхүү тэмцээнд оролцож, урьдчилсан шатнаас тэмцээнийг эхлүүлж байсан юм. Хөвгүүд маань нийт есөн тоглолт хийж найм хожин тэмцээний хамгийн олон тоглолт хийсэн баг болж хүрэл медаль хүртэн нэгэн шинэ түүхийн хуудсыг эхлүүлж байсан билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд хэсгийн эхний тоглолтоо Шри Ланкийн эсрэг хийж 21:6-ийн харьцаатайгаар цаг дуусахаас өмнө хожил авч чадлаа. Харин дараагийн тоглолтоо 19.10 цагт Шинэ Зеландын багтай тоглоно.
Харин охидын баг хэсгийн эхний тоглолтоо БНКазУ—ын багтай хийлээ. Тун ширүүхэн үргэлжилсэн энэхүү тэмцээнд 18:15-ын харьцаатайгаар манай охид ялалт байгуулсан юм. Тэд хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр 19.30 цагт Австралийн багтай хийнэ.