Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны баг тамирчид Малайз улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Тэд өчигдөр орой хэсгийн хоёр дахь тоглолтуудаа хийлээ.
Хөвгүүдийн баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Шинэ Зеланд улсын багтай хийж 17:19-ийн харьцаатайгаар хожигдол хүлээсэн байна. Тэд хэсгийн эхний тоглолтоо Шри Ланка улсын багтай тоглож 21:6-ийн харьцаатайгаар хожил аваад байсан билээ. Харин охидын баг Австрали улсын багтай тоглож 5:14-ын харьцаатайгаар мөн хожигдол хүлээлээ. Тэд өмнөх тоглолтоо Казахстан улсын багтай хийж 18:15-ын харьцаатайгаар ялалт байгуулаад байсан юм.
Хэдийгээр манай хоёр баг хэсгийн хоёр дахь тоглолтууддаа хожигдол хүлээсэн хэдий ч хэсгээсээ хоёроор шалгарцгааж шилдэг наймд үлдэж байгаа юм. Тэд шилдэг дөрөвт шалгарахын тулд 8 дугаар сарын 24-ний бямба гаригт “D” хэсгийн нэгээр шалгарсан багуудтай тоглохоор боллоо.
Энэхүү тэмцээнд хөвгүүдийн багт Ө.Пэрэнлэйжамц, П.Авирмэд, Ш.Энхийн-Од, А.Батхуяг нар тоглож байгаа бол охидын багт Б.Ариунцэцэг, Э.Энэрмаа, Ц.Болорцэцэг, М.Цэлмэг нар багтсан юм.