Путин юу өгөв гэж асуугаад байгаа нөхөрт хэлэхэд “Путин чамд яг юу өгөх ёстой юм, чамаас хэдэн төгрөг зээлсэн юм бэ”. Цагаан сарын хэсээчин шиг орж гарсан хүн бүрээс бэлэг сэлт горьдоод сурчихсан байх юм. Харин дуучин С.Сэрчмаа “Юугаар ч солимгүй үнэ цэнэ гэж байдаг юм” гээд дуулаад байдаг шүү дээ. Түүнтэй адил надад бол маш үнэтэйтэй уулзалт, гэрээ хэлцлүүд болсон. Тэр төмөр замд өгөх 100 тэрбум рублийн асуудал юу ч биш. Тэр бол байдаг л тав гурван төгрөгийн яриа. Анхаарал татсан асуудлууд гэвэл:
1-рт Эрчим хүч
2-рт Хийн хоолой
3-рт Талын зам байлаа.
Эрчим хүчний тухайд гэвэл олон жил оросуудын хараат байгаа. Та бүхэн мэднэ дээ 50 жил яригдсан 5-р цахилгаан станцын тухай. Оросын тал Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ гэдгийг гаргаад ирлээ. Эрчим хүчээр Азид занималдах гэсэн Путины бодлого манайхтай яв цав нийцэж байгаа учир далимдуулан цахилгаан станц барьж аваад дотоодын хэрэгцээгээ эрчим хүчээр хангах ингэснээр гэр хороололд халаагуур тавих нөхцөл үүснэ.
Хятадууд Торгоны зам гэсэн том төсөл явуулж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Монголын телевизүүдээр нэвтрүүлэг, кино санхүүжүүлээд явдаг болсон. Хятадын төслийн эсрэг “Талын зам” хэмээх том хөтөлбөр оросууд гаргаж ирсэн. “Талын зам” бол Орос-Монголыг холбосон хурдны зам шүү дээ. Зүүн хойшоо, баруун урагшаа чиглэсэн улс орнуудын их цуваа байх бололцоотой.
Хийн хоолой бол нэг тавигдаад эхэлбэл монголчууд ганц “хувин” гуйхад л Улаанбаатар хотын гэр хороолол утаагүй болно. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин харилцаагаа ойртуулах, Монголоос авах боломжтой бүхнийг авах, татвараа хөнгөлөхөө амлав. Дээрх төслүүд дээр ажлын хэсэг байгуулья хэмээн шуурхайлсан байна лээ. Ерөнхийдөө манайхан ажил яриад араас нь асуулгүй алга болдог. Яг л зургаа хамт авахуулаад яаж авахаа асуулгүй давхиад явчихдаг хөдөөнийхөн шиг.
Их ойртсон, ойлголцсон ажил явахаар яриа хэлэлцээрүүд өрнөсөн юм. Үнсэлцэж байгаад үйлдвэр, завод, бүхэл бүтэн хороолол, Эрдэнэтийг хүртэл босгуулаад авсан Ю.Цэдэнбалын туршлагыг санахад илүүдэхгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм” гэж хэлсэн нь ямар үнэ цэнэтэй айлчлал болсон гэдгийг хэлээд өглөө…
Б.Жаргалсайхан