Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 19-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад ийнхүү айлчилж байгаа нь тус улс дахь Монгол улсын Төрийн тэргүүний арван жилийн дараах айлчлал болж байгаа юм. Одоогоос арван жилийн өмнө 2009 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн анхны гадаад айлчлалаа энэхүү улсаас эхэлж байсан аж.
Энэ удаагийн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа (Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга), УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, З.Нарантуяа, ЕТГД З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нарын албаны хүмүүс багтжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Энэтхэгийн Төрийн сайд, Ерөнхий сайдын бие төлөөлөгч, тус улсын ГХЯ-ны Ёслолын газрын дарга Нагеш Сингх нар угтан авсан юм.
Монгол-Энэтхэг хоёр улс бол олон жилийн өмнөөс соёлын болон улс төрийн найрсаг харилцаатай байж ирсэн улсууд бөгөөд Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны социалист бус улс болж үлдсэн юм.