Япон улсад зохион байгуулагдсан ДАШТ-д амжилт тааруу оролцсон Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Үүнтэй холбогдуулан Монголын жүдо бөхийн холбооноос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг томилсон.
Тэгвэл шинэ ахлах дасгалжуулагч өөрийн хамтран ажиллах багаа бүрдүүлснээ зарлалаа. Энэхүү багт гавьяат тамирчин Д.Цэрэнханд, гавьяат тамирчин М.Бундмаа, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нар багтсан байна.
Монгол улсын гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү эх орныхоо жүдочдийг дасгалжуулахаар өмнөх гэрээгээ цуцалж, ирэх бүтэн сайнд эх орондоо ирэхээр болжээ.
Монголын жүдо бөхийн шигшээ багийг одоо Абу-Дабигийн Их Дуулга, Токиогийн Их Дуулга тэмцээнүүд хүлээж байна.