АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын 28 байгууллагад санхүүгийн хориг тавих болсноо мэдэгдлээ. Тэд энэхүү хоригийг уйгарчуудтай холбоотой асуудлаас үүдэж тавьсан хэмээн тайлбарлажээ. Уг хоригийн талаар АНУ-ын Холбооны бүртгэлийн цахим баазын сайтад өчигдөр тавигдсан байна. Мөн энэхүү хоригийг тавьснаар дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгч хоёр гүрний зөрчил улам хурцдаж магадгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа аж.
Тус баримтад “АНУ-ын Засгийн газраас БНХАУ-ын 28 байгууллагыг АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байна. Дээрх байгууллага нь хүний эрх, тэр дундаа Шиньжян – Уйгурын өөртөө засах орон дахь муслим үндэстний цөөнх болсон уйгур, казах зэрэг иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэв. Тэдгээр байгууллага нь бүгд БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” гэв.
Хориг эдгээр байгууллагын объектуудтай холбоотой экспорт болон дахин экспортлох асуудал мөн хангамжийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах зэрэг асуудлыг хөнджээ.
Шиньжян – Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд лалын шашинтай уйгурчууд хүн амынх нь ихэнхийг бүрдүүлдэг аж. Бээжингийн албан ёсны мэдээлэлд тус нутагт олон улсын террорист бүлэглэлтэй холбоотой салан тусгаарлах бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг.