УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өчигдөр /2019.10.21/ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ. Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ СХД-ийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, Чингэлтэй дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ гэх хүсэлт тавсан аж.. Ийнхүү удаа дараа ерөнхий шүүгч болон анхан шатны шүүхээс татгалзаж шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан гэх үндэслэлээр түүнд өчигдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 19.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд энэхүү хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.
Түүний дараагийн шүүх хурал 11 дүгээр сарын 28-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ.