БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсад шинэ төмөр зам барих ажилд туслалцаа үзүүлэхээ амлалаа. Мөн тухайн улсын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор 2020-2022 он хүртэл үе шаттайгаар 3,5 тэрбум юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.
Айлчлалын хүрээнд хоёр улсын тэргүүн нийт 15 төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүний дотор хилийн төмөр зам барих төсөл багтсан нь Хятад Улсын хувьд Энэтхэгт гарах гарцтай болоход дөхөм болжээ.
БНХАУ-ын хувьд Гималайн бүс орчмын буурай орнуудыг хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд авто зам, усан цахилгаан станц барих зэргээр туслалцаа үзүүлсээр байгаа аж. Непал Улс 2017 онд “Бүс ба зам” санаачилгад нэгдэн орсон байдаг бол Энэтхэг Улс одоогоор хараахан нэгдэж ороогүй хэвээр байгаа юм.