Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцын 10 кВ-ын “Сурагч” цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх бүтээн байгуулалтын томоохон ажлыг энэ сарын 7-ны өдөр бүрэн дуусгалаа.
“Сурагч” цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлийн хүрээнд нийт 119 ширхэг модон тулгуурыг шинэ технологийн тоноглол, газардуулгатай төмөр бетон тулгуураар солих, тусгаарлах бүрээстэй, өндөр дамжууламжтай 25.6 км урттай утас татах, шинээр иж бүрэн 3 хуурай салгуур суурилуулах ажлуудыг 100 орчим инженер техникийн ажилтан, монтёр, 10 гаруй машин механизмын хүчээр зориулалтын бэхэлгээний хэрэгсэл, хавчаар зэрэг барилга угсралтын хугацааг бууруулсан орчин үеийн шийдлүүдийг ашиглан амжилттай хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны 2876 айл өрх, 87 аж ахуйн нэгж буюу нийт 2963 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар сайжирч байна.