ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Засгийн газрын гишүүд оролцож байна. Энэ үеэр Эг болон Эрдэнэбүрэнгийн УЦС барих төсөл болон цахилгаан станциудын төсөл дээр ОХУ-тай хамтрах асуудлыг ярилцсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээрт ДЦС-3-ын хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх ажилд ОХУ-ын Интер РАО компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Энэ талаар ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Үүний дараа хоёр улсын Сангийн яам хооронд санхүүжилтийн хэлэлцээрүүд хийгдэнэ.
Хоёрдугаарт, Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ-ын талын зарим эх сурвалж сонирхож эхэлсэн. Өмнө нь эсэргүүцээд хөдөлгөдөггүй байсан бол энэ удаа төслийг хэрэгжүүлэхээр болж байна.
Гуравдугаарт, ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар энэ жил 340 орчим МВт цахилгаан эрчим хүч авах шаардлага үүсэж буй. Цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцлоо” гэв.