“Тесла” компани өчигдөр өөрийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап загвар болох Cybertruck-ийг Лос Анжелес хотноо танилцууллаа.
“Cybertrack” нь “ирээдүйгээс ирсэн, явган цэргийн хуягт машинтай” төстэй бөгөөд загварыг нь ч “Хутган дээгүүр гүйгч” шинжлэх ухааны зөгнөлт киноны машины загвараар хийжээ. Cybertrack-ийн ачааны даац нь 3.5 мянган фунт /1.5 гаруй тонн/ бөгөөд 14 мянган фунтийн /6.4 тонн/ жинтэй чиргүүлийг чирэх чадалтай байна
Шинэ пикап автомашин нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай гурван хувилбараар худалдаанд гарах юм байна.
Харин доод үнэ нь $39,900-аас эхлэх ажээ. Cybertruck-ийг 2021 оны сүүлээс эхлэн угсрах бөгөөд урьдчилсан захиалга нь tesla.com/cybertruck хуудсаар өчигдрөөс нээгдэж байгаа гэнэ. Танилцуулгын үеэр “Тесла” компанийн ахлах дизайнер Франц вон Хольцхаузен лантуугаар хаалгыг нь хэд хэдэн удаа цохиж чанарыг нь харуулсан бөгөөд бууны сум нэвтрэхгүй бат бэх хийцтэй гэдгийг нь онцолжээ.
Хүч чадлын хувьд Ford F150 загвартай дүйцэх бол хурдаар Porsche 911 загвартай өрсөлдөнө гэдгийг Илон Маск батлан ярьсан юм.
Гэвч цонхны шил нь Хольцхаузены шидсэн металл бөмбөлгийн цохилтыг тэсвэрлэж чадалгүй хагарсан байна. Илон Маск энэ дутагдлаа засна гэж тайзан дээрээс амлажээ.
“Тесла” компани пикап төрлийн автомашин бүтээх тухай Илон Маск 2013 оноос эхлэн ярьж байсан нь ийнхүү биелэлээ олж байна.
Эх сурвалж: Starlink SpaceX ElonMusk