Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Тус нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түүнчлэн орон нутгийн Онцгой байдлын газруудтай ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай нар цахим хурал хийн, урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, болзошгүй гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг үүрэг болгов.
* Мөн зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул ард иргэдэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
* Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
* Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.