Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах зорилгоор спорт клубуудыг магадлан итгэмжилсэн билээ. Энэхүү шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй байгууллагын материалыг 2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын 20-ны хооронд хүлээн авч, шалгаруулсан бөгөөд нийт 13 спорт клуб шалгаруулалтад тэнцжээ.
Шалгаруулалтад тэнцсэн байгууллагын үйлчлүүлэгчдийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах болсноор иргэд спортоор хичээллэх нь нэмэгдэнэ хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм.
Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хугацаагаар хичээллэхээр тусгажээ.