УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дууслаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ шийдэх ёстой. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэсэн. Аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгосон. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгосон, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж буй. Харин нийслэлийн хувьд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж буй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна. Аймаг, нийслэл дүүргийн хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байсан учраас бүлэг мэдээлэл сонссон.
Түүнээс гадна зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний саналууд орж ирснийг 9 Элчин сайдыг дэмжиж, хоёр Элчин сайдыг дэмжээгүй байна. Энэтхэг улсад суух Элчин сайдын нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нь мэргэжлийн бус хүн учраас дэмжээгүй байна. Бусад есөн хүнийг бүлэг дэмжсэн учраас энэ долоо хоногтоо хэлэлцээд явах юм байна.
Мөн Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг сонссон бөгөөд энэ асуудлаар дахин ярилцахаар болсон байна.