Мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний зүйлсийг нөөцлөх гэсэн иргэд зах, худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна.
Үүний улмаас Хүчит шонхор худалдааны төвөөс зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөө /Судалтын зам/ 32-ын тойрог хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан тухай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Улсын Онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон.
Харин зах, худалдааны төвүүдийг хаах тухай шийдвэр ОГТ ГАРААГҮЙ тул иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг албаныхан уламжилж байна.