Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар мэдээлэл өглөө.
ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан хэлэхдээ “НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг одоо зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг.
Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг.
2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн.
НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна. 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.
Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 900 гаруй иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим тодорхой жишээг танилцуулбал, үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Бас нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүлтгүүлсэн тохиолдол гарсан.
Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн худалдан авалт хийх боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг шалгаж байгаа төлөвөөс буцаан олгох төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний НӨАТ-ын буцаан олголтыг эрсдэлтэй гэж үзэн шалгаж байна” гэлээ.
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарсан бөгөөд одоо ТЕГ хянах ажиллагааг хийж байгаа юм байна. Энэ долоо хоногт шалгаж дуусаад жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай аж.
Сугалааны урамшуулал авахгүй буцаалтаа шууд авах хүсэлтийг иргэд гаргадаг. Тэгвэл уг асуудалд жилийн орлого нь 50 саяас доош аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг тул урамшуулал болон сугалааг зэрэг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэсэн тайлбарыг өгч байна.