АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан байна.
Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.
Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.
Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон.
Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэсэн хариулт өглөө.
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн асуудлаар мөн Инперполд хандаж байсан бөгөөд уг хүсэлтийн дагуу Ч.Сайханбилэгийг 2019 оны наймдугаар сарын 26-нд АНУ-ын хилээр орсныг тогтоож байсан билээ.