Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллийн хурал хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ болон албаны шийдвэрийг танилцууллаа.
Хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр мэдээллийн эхэнд “COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед дэлхийн улс орнууд өдөр бүр онц байдал зарлах, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээг авч байна. Ялангуяа Европын орнууд эрс шийдэмгий арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Шенгений бүс нутгийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог байсан бол хилийн хязгаарлалт тогтоосон” хэмээсэн юм.
Тусгай үүргийн онгоцоор Монгол Улсаас эх нутаг руугаа явах боломжгүй болсон гадаадын иргэд голчлон зорчиж байгаа
Түүнчлэн Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Монгол Улсаас эхлэлтэй болон гадаадаас Монголд ирэх нислэгийг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор нутагтаа ирэх боломжгүй болоод буй визний хугацаа нь хэтэрч байгаа иргэдийн асуудлыг ГХЯ-наас Элчин сайдын яамдаараа дамжуулан суугаа улсынх нь виз хариуцсан эрх бүхий байгууллагатай хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрсээр байгааг онцолъё. Тиймээс визний хугацаа дууслаа гэж сандрах хэрэггүй. Элчин сайдын яамд уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нөхцөл байдал нь зөвхөн Монгол Улсад үүсээд байгаа асуудал биш бөгөөд дэлхийн 138 оронд үүсээд байна. Тиймээс иргэд байгаа улсдаа тайван байж, хувийн аюулгүй байдлыг хангахыг хүсье” гэв.
Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 монгол иргэн эх орондоо ирсэн бол өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 231 иргэн ирээд байна. Харин энэ өдрийн 09:08 цагт Улаанбаатараас хөөрсөн тусгай үүргийн онгоцоор Токиогоос 252 монгол иргэн зорчихоор бүртгэлээ хийлгэж байгаа юм байна.
Эдгээр тусгай үүргийн онгоцоор олон улсын нислэг түр зогссоноор Монгол Улсаас эх нутаг руугаа явах боломжгүй болсон гадаадын иргэд голчлон зорчиж байгаа аж.
БНСУ-д суралцдаг оюутнууд зүй зохисгүй үйлдэл, гомдол гаргаж байна
БНСУ-ын зарим их, дээд сургууль нь гадаад оюутнуудаа гуравдугаар сарын 30-нд хичээл эхлэхээс өмнө ирэхгүй бол тэтгэлгээ цуцлах, сургуулиас гаргах арга хэмжээ авах тухай санал гомдол их гарах болжээ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “БНСУ-д суралцдаг оюутнууд зүй зохисгүй үйлдэл, гомдол гаргаж байна. Бид Солонгосын ЭСЯ-тай ярилцаж, эдгээр оюутны визийг хөнгөлөлттэй горимоор үнэ төлбөргүйгээр сунгах асуудлыг шийдвэрлэсэн.
Хэрэв аль нэг сургууль гуравдугаар сарын 30-наас өмнө ирэхгүй бол тэтгэлгээ цуцална, сургуулиас нь гаргана гэсэн бол бичгээр ГХЯ-д мэдэгдэх хэрэгтэй байна. Энэ дагуу асуудлыг шийдвэрлэх болно” гэв.