Улсын онцгой комиссын штабаас мэдээлэл хийлээ. 2020 оны 03 дугаар сарын 19-ны 21.00 цагийн байдлаар Монгол Улсад 1734 хүн тусгаарлагдаад байна. Зарим хилийн боомтуудаар иргэд нэвтэрч байгаа.
Тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага ирсэн байна. Гаднаас хоол хүнс оруулах тохиолдол гарч байгаа аж. Тиймээс өчигдөр 14:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байрт байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэжээ.
Согтууруулах ундаа, хутга мэс заслын зүйл оруулахгүй гэдгийг анхааруулсан. Тусгаарлагдаж буй иргэд зочид буудлын үйлчилгээ нэхэж, тагтан дээр гарч шүлсээ хаях зэрэг зөрчил гаргаж байна гэдгийг мэдээллээ. Ийм тохиолдол хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Агаарын нислэгээр ирсэн зорчигчдын гадаад пасспортыг хураан авсан байгаа гэв. Төлбөрөө төлсөн иргэдийн гадаад пасспортыг буцаан олгох юм байна.
Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.
Мөн 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна” гэлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг агаарын хөлөг дотор нүүрийг нь хараад штамбыг нь дарж амжихгүй байгаа учраас паспортыг нэгдсэн журмаар хурааж авсан. Дараа нь тусгаарлах байрны төлбөрөө төлсөн хүмүүст паспортыг нь олгоно. Төлбөрөө төлөөгүйгээс үүдэн амралт сувиллын газрууд дараагийн хүмүүсээ хүлээн авч чадахгүйд хүрээд байна. Дөрвөн улсаас ирсэн 900 гаруй хүмүүс дотор тусгаарлах байрны төлбөрөө төлсөн иргэд харилцан адилгүй л байна.
Тухайлбал, “Амар” зочид буудалд байрлаж байгаа хүмүүсийн тал нь төлбөрөө төлөөгүй. Нэр усыг нь гаргаад шаардлагаа тавиад байгаа ч ямар нэмэр алга. Мөн “Бага баян” амралтын газар өмнө нь тусгаарлагдаж байсан хүмүүс төлбөрөө төлөөгүй гараад явсан учраас дараагийн хүмүүсийг хүлээж авахад хүндрэл үүсч байна.
Ар гэр рүү нь төлбөрөө төлөх санамж хуудас явуулж байгаа ч төлөхгүй байна. Уг нь төр засгаас гарсан шийдвэрийг бүгд дагах ёстой. Өнөөдөр өглөөний байдлаар тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага гаднаас ирсэн. Хоол хүнсний хүрэлцээ муу, эргэлт оруулахгүй гэх хүндрэл бэрхшээл байгаа гэдгийг ойлгож байна. Бүх зүйл сайхан болж байгаа мэт худлаа ярьж чадахгүй. Зорчигчдын ачааг бид 14 хоног каргод байрлуулж байгаа. Учир нь мэргэжлийн байгууллагаас иргэдийн ачааг тодорхой хугацаанд байрлуулж вирусийг устгах зөвлөмж өгч байгаа. Гэтэл иргэдийн зүгээс карго дотор байгаа бараанаас юм авмаар байна гэдэг хүсэлт их тавих юм.
Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа бол бүгд л сахиулах ёстой. Найз, нөхөд хамаатан садан дарга цэргээрээ яриулаад байна. Ийм зүйлийг хүлээж авахгүй. Ер нь аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд элдэв асуудал үүсгээд таньж мэддэг хүнээрээ даргаараа яриулдгаа болих хэрэгтэй.
Хэдийгээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэлбэрт шилжсэн ч гэсэн тусгаарлалтад байгаа хүмүүс шаардлагатай эд зүйлийг нь оруулна. Гэхдээ зах замбараагүй байдал үүсгэхгүй байх ёстой.
Мөн тусгаарлагдах байранд байхдаа халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөхгүй тагтан дээрээ гарах жишээтэй.
Тэдгээр хүмүүсийг зочид буудалд буулгасан юм биш. Тусгаарлах байранд байж зочид буудлын үйлчилгээ нэхэх шаардлагагүй.
Бид өдрөөс өдөрт суралцаж улам сайжирч байгаа. Өчигдөр агаарын хөлгийн гадна үндэсний аврах бригадаас химийн хорт бодис алдагдсан үед саармагжуулах тусгай майхныг барьж зорчигчдоо нэг бүрчлэн майхнаар гаргаж хүлээж авсан. Онгоцон дотор мэргэжлийн байгууллагын эмч нарыг явуулах нь цаг хугацаа хэмнэх маш том оновчтой арга юм байна. Онгоцон дотор явахдаа хүмүүсийнхээ халууныг үзэж, тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлаж онгоцноос буугаад ирэхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүмүүсээ ангилаад хүлээгээд авчихдаг. Хуваарилсан тусгаарлах байруудад түргэн шуурхай хүргэх ажиллагаа улам л сайжирч байна. БНСУ-аас ирсэн иргэдийн эхний 14 хоногийн тусгаарлалтын арга хэмжээ дуусахаар дараагийн иргэдийн татан авалтын ажиллагааг төлөвлөнө.
Мөн өчигдрөөс эхлээд гадуур, дотуур явах хүмүүсийн хөдөлгөөн маш их ихэссэн. Хүүхдүүдээ дагуулаад явж байна. Энэ өвчний нөхцөл байдал дуусах болоогүй. Гэтэл бүх зүйл зүгээр байгаа мэт тайвшраад хүүхдүүдээ эрсдэлд оруулаад байна. Ядаж хүүхдээ дагуулж гадуур битгий яв даа.
Ард иргэд минь зөвлөмж зааврыг дагаад гадуур яваад байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээч.Өөрийнхөө амь насыг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа болохоос төр засгаас хийж байгаа ажилд найдаж, бүх зүйлийг даатгаж болохгүй.
Төр нь хийх ёстой ажлаа хийж байна. Харин иргэд зөвлөмж зааврыг дагаж биелүүлээрэй гэж шуурхай штабаас анхааруулж байна” гэв.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Өмнө нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс тусгаарлагдаагүй хүн гарсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагууд үүргийнхээ хүрээнд ажлаа явуулж байгаа. Хүн тусгаарлагдахгүй үлдэх ямар ч боломж байхгүй. Нислэгүүд ирэхэд бүх үйл ажиллагаа нь хяналтад яваа гэдгийг хэлье. Туркээс ирсэн зорчигчидтой мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч хамт явж зорчигчдын эрүүл мэндэд хяналт, шалгалт хийж авч ирсэн. Өчигдөр ОХУ-аас хүнсний болон тоног төхөөрөмж бүхий ачаа тээврийн 23 ачааны автомашин цуваанд өнөөдөр Улаанбаатар руу ирж байна.
Нийт гадаад жолооч 15 байгаа ба Беларусийн 12, Казахстаны нэг, ОХУ-ын хоёр жолооч байна. Харин монголын найман жолооч бий. Монгол Улсын найман жолооч ирээд тусгаарлагдана. 15 гадаадын жолооч машинаасаа гарахгүйгээр буцаад хил давна. Алтанбулаг боомтоос наашаа явахад урд хойноо хамгаалалттай явна. Мөн Техник, импорт гаалийн хяналтын талбай дээр хилийн гаалийнхан ажиллаж орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ариутгал хийнэ. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл хэлэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангахын тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна” гэв.