Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.04.01/ 14.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хурал хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус, тус гаргажээ.
Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм