Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна. Ингэснээр сард төлөх зээлийн хэмжээ 20 орчим хувиар буурах тооцоолол гарчээ.
Хүндрэлд орсон иргэн 2020 оны долоодугаар сарын 31-ний өдрийн дотор зээл авсан арилжааны банкандаа хүсэлтээ гаргаад зээлийн эргэн төлөлтийн хуваариа шинэчлэх юм. Ингэснээр чанаргүй зэрэг зээлийн ангилалд орохгүй.
Хэрэглээний зээлд: Арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарах юм байна.
Түүнээс гадна өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч, шинээр олгох зээлийн өр орлогын харьцааг тооцох аргачлалд өөрчлөлт оруулж байгааг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээллээ.
Өмнө нь хэрэглээний зээл олгохдоо тухайн зээл хүссэн иргэний орлогыг харгалздаг байсан бол одооноос өрхийн бусад гишүүний орлогыг тооцдог аргачлалыг эхлүүлэх аж.