Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, COVID-19-ийн клиникийн шинж тэмдэг нь уушгины хатгаа болж хүндэрдэг. Халдвар гарснаас хойш ДЭМБ эмнэлзүйн удирдамжаа 7 удаа шинэчилсэн. Үүний агуу ЭМЯ-нд клиникийн зөвлөх баг ажиллаж, шаарлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргасан.
Одоогоор 456 ширхэг амьсгал дэмжих уушгины аппаратыг шинээр авч, эмнэлгүүдэд хуваарилж, шаардлагатай үед хэрэглэхээр нөөцлөөд байна. Одоогийн байдлаар Монголд уушгины аппарат хангалттай гэж үзэж байна. Өвчлөл хүн амын дунд тархвал тоног төхөөрөмжийн дутагдалд орж болзошгүй. Бэлэн байдлыг аль болох хангаж ажиллаж байна.
Манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Энэ хүмүүс ирэх үед нь халдварын шинж илрээгүй, ирж тусгаарлагдсаны дараа лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа.
Гаднаас иргэдээ авчрахдаа Монгол Улс 2 шаардлага тавьж байгаа. 1-рт, шинжилгээ хийлгэж, COVID-19 халдваргүй гарсан тохиолдолд. 2-рт, ирсэн даруйд нь хүн бүрийг нэг нэгээр нь тусгаарлах шаардлага тавьж байгаа. БНСУ-аас ирсэн иргэд бүгд шинжилгээний бичгээ үзүүлээд онгоцонд суусан. ОХУ-аас ирсэн иргэд ийм шаардлага гарахаас өмнө Москва, Эрхүү, Улаан-Үд зэрэг олон хотоор дамжиж ирсэн тул лабораторийн шинжилгээг хүн бүр хийлгээгүй гэлээ.