МАН-ын дарга У.Хүрэлсүх ирэх сонгуульд өөрийн багийг авч орно гэж мэдэгдсэн. Тэгэхээр 64-ийн бүлгийн чухам хэд нь У.Хүрэлсүхийн багт хамаарах вэ гэдэг нь сонирхолтой. Мөн ирэх парламентад 40-өөс доошгүй суудал авч байж одоогийн эрх мэдэл, байр сууриа хадгалан үлдэх боломжтой.
Тэгэхээр У.Хүрэлсүх өөрийн баг дээр өөр хүмүүс нэмэхээс аргагүйд хүрч мэдэхээр байна.
ЖДҮ болон 60 тэрбумтай нэр холбогдсон хүмүүст нэр дэвших эрх өгөхгүй. Энэ бол МАН-ын даргын олон нийтэд таалагдсан амлалт. Хэрэв энэ амлалт биеллээ олно гэвэл У.Хүрэлсүхийн баг ч задарч мэдэхээр байна.
Эндээс л ирэх парламентийн өнгө тодорхойлогдоно.
М.Энхболд гэх том бул чулуу бий. Энэ бул чулууг зайлуулах уу, эсвэл хамтраад явах уу гэдэг нь У.Хүрэлсүхийн сонголт. Гэхдээ М.Энхболдын бүлэгт хамаарах улс төрчид тойрогтоо нэр хүндтэй. Засагт хүртэл төлөөлөлтэй гэхээр энэ бүлэг нөлөөгөө алдаагүй л байна.
Өдгөө У.Хүрэлсүхтэй ил байдлаар тэрслээгүй8 М.Энхболдоос ч урваагүй Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар нэр дэвших эрхээ авчих болов уу. Харин Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, А.Ундраа, М.Билэгт, Д.Ганболд нарын хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдвал дээл нөмөрч болзошгүй гишүүд У.Хүрэлсүхийн үүдийг сахих болсон. Тэдний нэг бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат юм. Тэрээр нэр дэвших эрхээ авчих л юм бол Сэлэнгээс сонгогдох нь ойлгомжтой гэж таахалзаж байгаа. Түүнийг дагаж Н.Оюундарь ч Сэлэнгийг зорино. Мөн гаднаас ч хүмүүс яригдаж байна. Тэгэхээр намын дарга болон удирдах зөвлөл Сэлэнгэд чухам хэнийг сойх вэ гэдгээ эцсийн байдлаар шийдэх биз.
200 гаруй бие даан нэр дэвшигчид бүртгүүлсэн энэ сонгууль тун сонирхолтой болох нигуртай.
Гол нь эрх баригч намын дарга бие даагчдад мадлуулчхааргүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэж найдаж байна. Мөн иргэдийн өмнө амласан ЖДҮ, 60 тэрбумд холбогдогчдоосоо ч бас сална гэж итгэж байна.