Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тавдугаар сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон байсан юм.
Шүүгдэгчдийн нэг болох яллагдагч Д.Ганболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар тодруулжээ.
Уг мэдээлэлд:
Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.