Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус газар нь наран шарлагын газар байгуулах зөвшөөрөлтэй байсан ч хашаа хатгаагүй барилга барьж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас дөрвөн хүүхдийн амь эрсдсэн гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн ч “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй гэх мэт үндэслэлээр өнөөдөр /2020.05.28/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыгг үүрэг ажлаас нь чөлөөлжээ.