ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотыг баруунаас зүүн тийш холбосон дүүжин тээвэр барина гэж хэллээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нийтийн тээвэртэй холбоотой асуудал олон төрөлтөд тээвэр гэдгээр тусгагдсан гэв. Тодруулбал олон төрөлтөт тээвэр гэдэг нь ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шийдлүүд гэдгийг тэрбээр хэллээ.
“Шууд дөрвөн жилийн дотор метро барина гэдэг худлаа болчихоод байна. Тэгэхээр бид гэр хороолол хэсэг рүү дүүжин тээвэр барина. Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийшээ соронзон тээврийн асуудлаар холбоос хийгээд бага цэгт эргэх автобусны төрөл тоог олшруулахаар замаар илүү бодитой шийдвэрлэгдэнэ” гэлээ.