Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг Засгийн газар судалж байгаа. Монголбанк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг цаашдаа ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтойг Засгийн газарт танилцуулсан.
Харин одоо ипотекийн зээл аваад, төлж байгаа иргэдийн зээлийн хүүг буулгах, эсэх шийдвэрийг Засгийн газар гаргаж чадахгүй байгаа аж. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан дахин нэг ажлын хэсэг байгуулаад байгаа. Учир нь зээл авсан 68 мянган өрхийн найман хувийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулахад 360 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
Харин Засгийн газарт энэ мөнгө байхгүй. Тиймээс одоо найман хувийн зээл авсан байгаа иргэдийн зээлийн хүүг зургаан хувь руу буулгах боломжгүй болж, Засгийн газар, Монголбанк гацаанд оржээ. Уг нь Засгийн газар аравдугаар сарын 15-н гэхэд ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор ажиллаж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлж байсан.
Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ “Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг шийдээгүй байна. Ажлын хэсгүүд тал талаас нь судлаад явж байна. Ипотекийн зээлийг 2013 оноос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100-аад мянган хүн энэ зээлд хамрагдаад байна. Дэлхий дахинд цар тахал гарсантай холбоотойгоор иргэд зээлээ төлөхөд хүнд байгааг бид ойлгож байгаа. Нөгөө талаас зээлийн хүүг бууруулснаар орлого багатай иргэд хамрагдах боломж бүрдэх юм. Ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулах асуудлыг талууд яриад гаргалаа гаргаад явж байгаа.
Иргэд одоо найман хувийн зээл авсан хүмүүсийн зээлийн хүүг зургаан хувь болгох хүсэлт тавьж байгаа. Одоо 68 мянган хүний зээлийг зургаан хувь болгоход хоёр хувийн хүүний зөрүү 360 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэхдээ Засгийн газарт энэ мөнгө байхгүй. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нөхцөлд жилд 30-40 тэрбум төгрөг улсын төсөвт суулгаад явъя гэсэн ч хүндрэлтэй байгаа. Харин шинээр ипотекийн зээл авах хүмүүст зургаан хувийн хүүгээр авах боломж үндсэндээ бүрдсэн” гэсэн юм.