Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй голлох хоёр нэр дэвшигчийн эхний удаагийн халз мэтгэлцээн дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. «Жинхэнэ халз мэтгэлцээн» гэж юу байдгийг үзэж суухад манай улсын нэр дэвшигчдийн ганц минутанд баригдсан «Халтуур халз мэтгэлцээн» хичнээн уйтгартай байдаг билээ гэсэн шүү бодол сэтгэлийн мухарт хааяа хааяа хөвсөлзөж байсныг өгүүлэх юун.
Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд л өөрийн талын хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн ард түмний сонгох сонгогдох үндсэн хуулиар олгогдсон эрхийг боомилдог байдлыг халах юмсан. Тэгээд олны дундаас онцгойрон цолгорогсод америкчуудтай адилхан «Жинхэнэ харууштай халз мэтгэлцээн» хийгээсэй хэмээх бодлыг дийлэнх хүмүүс тээж яваа гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байна. Манай төрийн тогтолцооны шинэчлэлийг чухам үүнээс эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөө өглөө болж өнгөрсөн халз мэтгэлцээний зохион байгуулалт, дэг жаяг зэргээс суралцаж зохих бэлтгэлтэй болмоорсон доо. Ингээд хоёр нэр дэвшигчийн хэлсэн анхаарал татахуйц зарим өгүүлбэрийг та бүхэндээ толилуулъя !
Тэдний үг ярианаас халз мэтгэлцээний ерөнхий уур амьсгал, өнгө аяс харагдах болов уу гэж бодож байна.
Хиллари: Трампад нуух шалтаг байгаа болохоор татварын баримтаа үзүүлэхгүй дээ.
Трамп: Үгүй шүү ! Ёстой үгүй !
Хиллари: Гарцаагүй үнэн болох нь олон зүйл дээр батлагддаг.
Трамп: Үгүй ээ ! Би Ирак руу хийсэн түрэмгийллийг дэмжиж байгаагүй. Энэ тал дээр Хиллари худлаа ярьж байна. Голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хилларигийн сонгуулийн сурталчилгаанд талтай байгаа нь нууц биш.
Хиллари: Өө ! За за ! Дональд аа ! Одоохондоо ерөнхийлөгч болчихоогүй байгаа болохоор хэвийн зан араншинтай байвал зүгээр биш үү?
Трамп: Цөмийн зэвсэг хэдий аюултай боловч одоо цаг агаарын өөрчлөлт л Америкад тулгараад байгаа хамгийн том аюул мөн.
Трамп: Хилларигийн хувьд гол нь биеийн чадал тэнхээ нь хүрэхгүй.
Хиллари: Чи дэлхийн 125 орноор айлчилж энхийн болон гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж үзсэний дараа надтай биеийн чадал тэнхээний тухай ярьсан нь дээр байлгүй.
Трамп: Чи ч энэ тал дээр туршлагатай нь үнэн л дээ. Гэхдээ олигтой сайн ажиллаж чадаагүй.
Хиллари: Трамп ярианы сэдвийг гадаад төрх байдлаас биеийн чадал тэнхээ рүү чиглүүлэхийг санаархаж байх шив. Мань эр ч эмэгтэй хүнийг гахай, нохой, тэнэг маанагаар нь дуудахдаа сийгдэггүй хүн дээ.
Хиллари: Би ардчиллыг дэмждэг болохоор сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх болно.
Трамп: Хэрвээ тэр ялах юм бол би түүнийг дэмжиж ажиллана.
Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар