“State of Global Air” олон улсын байгууллагын судалгаагаар агаарын бохирдлын улмаас 2019 онд дэлхий даяар хагас сая хүүхэд төрснөөсөө хойш сарын дотор амиа алджээ.
Агаар дахь бохирдол дөнгөж төрсөн нялх хүүхдээс гадна эхийнхээ хэвлий дэх нярайд нөлөөлж байгаа нь дутуу төрөлт, төрөлтийн гажиг үүсэхэд хүргэж байгаа аж. 2019 онд амиа алдсан 500 мянган хүүхдийн гуравны хоёр нь нүүрс, мод, малын ялгадас тэргүүтэй түүхий түлшнээс үүссэн гэр доторх агаарын бохирдолд хордсон байна.
“Health Effects Institute” олон улсын ашгийн бус байгууллагын эрдэмтэн Кэтрин Уокер “Жин багатай нялх хүүхэд уушгины хатгалгаа өвчинд өртөх эрсдэл их. Мөн хэвлий дэх нярайн уушги бүрэн хөгжөөгүй байдаг нь давхар эрсдэлийг бий болгодог” хэмээжээ.
Агаарын бохирдлын улмаас амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь хөгжиж буй орнууд болон бохирдол ихтэй хотуудад байгааг эрдэмтэд онцоллоо. Мөн агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүмүүс коронавирусийн халдвараар нас барах эрсдэл их аж.
Агаарын бохирдол нь дэлхий нийтийн нас баралтын дөрөв дэх том шалтгаан бөгөөд түүний өмнө тамхидалт, ядуурал ордог байна.
2019 онд агаарын бохирдлын улмаас нэг сар хүрэхээсээ өмнө амиа алдсан хүүхдийн тоо
Сахараас өмнөх Африк – 236 мянга
Өмнөд Ази – 186 мянга
Зүүн өмнөд Ази, зүүн Ази, Номхон далайн орнууд – 23 мянга
Хойд Африк, Ойрх Дорнод – 20 мянга
Латин Америк, Карибын тэнгисийн орнууд – 7700
Төв Европ, Дорнод Европ, Төв Ази – 2700
Өндөр орлоготой орнууд – 1250
Эх сурвалж: TheGuardian