Хойд Солонгост нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлээс болж орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах аяныг \”Амьдрах ухаан төв”, \”Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”, \”Туслах цэг сан” зэрэг байгууллагууд эхлүүлжээ.
Үерийн гамшгаас болж 138 хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн сураггүй болсон. Харин гэр оронгүй хүний тоо 68 мянган хүрээд байна. Хойд Солонгосын төр засгаас Монгол, Куба, Вьетнам зэрэг цөөн хэдэн оронд тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан билээ. Энэ хүрээнд аяныг зохион байгуулагчид хандивын данс нээжээ. Мөн иргэдэд хандаад хүүхдийнхээ хуучин, дулаан хувцсыг цуглуулж өгөхийг хүсэж байна.
БНАСАУ-ын Элчин сайдын яамныхантай ярилцахад юуны өмнө орон гэргүй болсон хүмүүсийг байрлуулж буй газрыг дээвэрлэх мөнгө, хүүхдүүдэд дулаан хувцас хэрэгтэй байна гэсэн.
Монголын ард түмэн Солонгосын дайны үед болон дараах сэргээн босголтын хүнд хэцүү жилүүдэд сэтгэл санааны болон эд материалын туслалцааг үзүүлж байсан түүхтэй.
Эх сурвалж www.wikimon.mn