УОК-ын 30 дугаар хуралдаан өнөөдөр болж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг он дуустал сунгах санал гаргаж дэмжсэн байна.
Дэлхий даяар COVID-19 цар тахлын хоёр дахь давалгаа идэвхтэй тархаж дэлхийн 216 улсад 43.3 сая хүн халдварлаж, 1.1 сая хүн амиа алдаад байна. Энэ хүрээнд улс орон бүр тодорхой хязгаарлалт, хориг арга хэмжээгээ эргэн сэргээж байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Тэрбээр, “Нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн 66 улс дотоодын хөдөлгөөнөө хязгаарлаж байна. Мөн 107 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургууль, цэцэрлэгийг хаасан. Түүнчлэн 115 улс орон хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж хорио тогтоогоод байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өмнө нь тавьж байсны дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг он дуустал буюу 12 дугаар сарын 31-ныг дуустал сунгахаар шийдвэрлэлээ” хэмээв.
Дээрх шийдвэр нь Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар эцэслэн шийдэгдэх юм.