Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн гишүүнээр элсэхийг зорьсон монголчуудын хүсэл удаа дараа няцаагдсаар 1961 онд биеллээ олсон билээ. Одоогоос 78 жилийн тэртээ буюу 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.Чойбалсангаас “Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд элсэх тухай” захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгве Ли-д илгээж байв.
“Парис хот
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгве Ли Танаа
Эрхэмсэг ноён оо
Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсэх тухай
БНМАУ-аас 1946 оны 6 дугаар сарын 21-нд өгсөн өргөдлийг зарим улсууд, Монголын ард түмний ихэд гайхмаар татгалзсан учир хүссэн ёсоор болголгүй орхижухуй.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь эв найрамдлыг эрхэмлэгч, бүрэн эрхт ардчилсан улсын хувьд өнгөрөгч дайнд Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт өөрөө хүч чинээгээр тус нэмрийг оруулсан тул түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд орох хэмээсэн хүслийг хүлээж аваагүй явдлыг эс зөвшөөрмүй.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ардчилсан үндсэн дээр хөгжиж улс түмний хоорондын эв найрамдал ба хамтран ажиллах бодлогыг туйлбартайгаар биелүүлж буй тул Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүн болох бүх эрх ба үндэслэлүүдтэй болно.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын даалгавраар Нэгдсэн Үндэстэний Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Ассамблейн гуравдугаар бага хуралд Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүсэлтийг дахин тавьж хэлэлцүүлэхийг танаас хүсэх завшаан надад тохиолдов.
Нэгдсэн Үндэстэний Ерөнхий Ассамблейн энэ бага хурал дээр манай хүсэлтийг хангах буй за хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, бүх Монголын ард түмэн ба миний бие итгэж баймой.
Таныг хүндэтгэсэн
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.Чойбалсан
Улаанбаатар хот, 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр” гэжээ.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн








































































