УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Хэлэлцээрийн хүрээнд авах 25 тэрбум иен буюу ойролцоогоор 233 сая ам.долларыг цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахд зарцуулах аж. Зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг 71.4 хувийн саналаар дэмжсэн бөгөөд санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.