2020 оны 11-р сарын 17-ны өдөр Ерөнхийлөгч цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.
Ингэхдээ өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий эрхийн бичиг олгох хэрэгтэй гэсэн юм.
Ерөнхийлөгчийн энэхүү саналыг МАН, Засгийн газар хүлээж аваагүй. Харин үүний дараа өнгөрсөн сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, ингэхдээ өрх бүрд сая төгрөг олгох саналаа ч мөн дурдав. Өөрөөр хэлбэл, өрх бүрд олгох сая төгрөгийг дэмжээгүй хариуг авсныхаа дараа ч Ерөнхийлөгч энэ саналаа дахин тавьсан юм.
Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн саналыг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхдүүддээ өвгөд хөгшиддөө харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая төгрөг , тэдэн сая төгрөг өг л гэж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу.
2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүний үр дүнд юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг тэтгэж байгаа хэрэг биш. Эргээд маргааш нь талх, мах, цахилгаан дулааны мөнгө овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнээ, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаа үйлдэл. Тиймээс бид бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмний амдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авах ямар ч боломжгүй гэдгийг хэллээ.