Налайх дүүргийн Онцгой комиссоос Улаанбаатар-Налайх чиглэлд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн бүрийг 72 цаг тутамд PCR шинжилгээ өгүүлж, нэвтрүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээний бичиггүй иргэнийг “Оргил Налайх” шалган бүртгэх товчоогоор нэвтрүүлэхгүй гэсэн үг юм.
Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас тодрууллаа.
Налайх дүүргийн Шуурхай штабын гишүүн н.Цагаанбаяр хэлэхдээ “PCR шинжилгээний хариу нь 72 цаг дотор хүчинтэй. Тиймээс тус дүүргээс Улаанбаатар хот руу байнга ажилдаа явдаг иргэдийн хувьд, 72 цаг тутамд PCR шинжилгээ өгөх шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргасан” гэлээ.
Налайх дүүргийн онцгой комиссоос Улаанбаатар хотын бусад дүүрэгт COVID-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.
Тус дүүрэгт PCR шинжилгээний сорьц авах нэг цэг байдаг аж.