Якутад 50 мянган жилийн настай, мөстлөгийн үеийн хирс олджээ. Энэ нь өнөө цагийн хирстэй хэлбэр хэмжээний хувьд төстэй ч үслэг байснаараа онцлог байгаа аж.
Хүрэн өнгийн үстэй, нас залуу хирсийг Якутскын Тирехтях голын мөнх цэвдэгт хавчуулагдсан байхад нь олсон гэнэ. Хирсний шүд, эвэр, дотор эрхтэн, зарим өөх гээд биеийн 80 хувь бүтэн, хамгийн сүүлд идсэн хоол нь ч гэдсэндээ байжээ. Судлаачид ясыг нь шинжлээд, түүнийг үхэхдээ 3-4 орчим настай байсан хэмээн таамаглаж байгаа ба хүйсийг нь хараахан тодорхойлоогүй байна.
Хирсийг анх нутгийн оршин суугч Алексей Саввин илрүүлсэн бол Якутын Шинжлэх Ухааны Академийн доктор Валерий Плотниковоор ахлуулсан баг ирж малтлага, судалгааг хийжээ. Түүнийг нас залуу ч эхээсээ бие даан ганцаараа амьдардаг байсан, мөн үс нь ноолуур багатай байгаагаас үзэхэд зуны улиралд усанд живж үхсэн магадлалтай хэмээн таамаглажээ. 2014 онд мөн үслэг хирс олдож байсан ба эрдэмтэд түүнийг 34 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ.