Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 1-р сарын 14-16-нд хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан олны нэрлэж заншсанаар Шар хадны замыг хаажээ.
Тухайн хорооны нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төвүүд, тухайлбал, “Да хүрээ”, “Монбэт”, “Цахлай” зэрэг автозах, техникийн үйлчилгээ үзүүлдэг газрууд энэ сарын 14-16-нд ажиллахгүй тул тийшээ зорчихгүй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулав.
Хотоос явж байгаа нийтийн тээврийн чиглэл тус хороон дахь МТ шатахуун түгээх газраас буцаж эргэж байгаа юм байна.
Тус хороонд коронавируст халдварын анхны тохиолдол 1-р сарын 10-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш 4 гэр бүлийн 16 хүнээс, өчигдөр 7 хүнээс илэрч, одоогоор нийт 23 тохиолдол батлагджээ. Үүнтэй холбоотой тус хорооны бүх иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлага гараад байгаа юм. Шинжилгээнд 17 дугаар хорооны 2814 өрхийн 18-аас дээш насны 6400 иргэнээс шинжилгээ авна гэж өнөөдөр болсон Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.