-Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ барилгын гаднах шатаар 4 давхар руу өгсүүлсэн гэж мэдээлсэн. Өөр оруулах боломж байгаагүй юм уу? Ер нь ХӨСҮТ-д ирж байгаа халдвартай иргэдийг дандаа тэр замаар оруулдаг юм уу?
-ХӨСҮТ-ийн халдвартын клиник нь бокс өрөөтэй. Бокс өрөө нь гаднаасаа хаалттай. Гаднаасаа өвчтөнөө оруулаад дотор талдаа эмнэлгийн ажилтнууд орох, үйлчилгээ явуулах байруудтай. Гаднаасаа өвчтөнөө авдаг журмаар өвчтөнийг оруулсан.
-Эх хүүхдийн бие одоогоор ямар байна вэ?
-Эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Коронавирусийн эмчилгээ хийгдэж байгаа ба одоогоор хэвийн, тогтвортой, сайн байна.
-11-нд хөл хорио сулруулснаас хойш өвчний 14 хоногийн нууц үе нь дууссаны дараа буюу хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол нэмэгдэнэ гэсэн таамаг байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Хөл сулруулснаас хойш хүн амын хөдөлгөө ихэссэн гэсэн судалгааны дүн байна. Ялангуяа гэртээ байх хүмүүс багассан. Автобус олон нийтийн тээврийн хэрэгслээр явах, дэлгүүр орох хүмүүсийн тоо ихэссэн. Хүмүүс хоорондоо харьцаанд их орсон. Энэ байдал нь коронавирусийн халдвар тархах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тархвар судлалын үндэсний хувьд мэргэжлийн хүний үүднээс хөл хориог үргэлжлүүлэх саналтай байна. УОК-ны дэргэдэх судалгааны баг хөл хориог математик загварчлалаар сулруулах тооцоо гаргасан. Гэхдээ ард иргэдийн амьдрал эдийн засагтай холбоотойгоор хөл хориог сулруулсан. Жагсаал цуглааны дараа халдварын тоо эрс нэмэгддэг судалгаа байгаа учраас хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.