АНУ-ын нууц алба Конгрессын хүндэт медалиар шагнуулсан цэргүүдийн мэдээллийг хулгайлсан Оросын хакерыг эрэн сурвалжилж байна.
Энэ тухай “Daily Beast” мэдээллийн цахим хэвлэл Америкийн нууц албаны мэдэгдлээс иш татан мэдээлжээ. Цэргүүдийн мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яамны дэлгүүрүүдийн сүлжээгээр дамжуулан өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор хулгайлсан гэж тус хэвлэл мэдээлсэн байна. Уг хакер хулгайлсан мэдээллүүдээ ашиглан 55 мянган ам.долларын үнэтэй бараа худалдаж авсан бөгөөд худалдаж авсан бараагаа АНУ-ын нутаг дэвсгэрт 20 өөр хаяг руу явуулсныхаа дараа Орос руу илгээжээ.
АНУ-ын Худалдааны комиссоос мэдээлж буйгаар, цэргийн алба хаагчид энгийн иргэдээс 76 хувиар илүү кибер халдлагад өртдөг байна. Өнгөрсөн онд л гэхэд тус комисст хувийн мэдээллийг нь хулгайлсантай холбоотой 50 000 гаруй гомдол цэргүүдээс иржээ.