Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан байдаг.
Удалгүй хууль, хяналтынхан Т.Чимгээгийн уух зүйлд нь хар тамхи хийж, биеэ хянах чадваргүй байхад нь нүцгэн зургийг нь дарж гэр бүлийнх нь хүн рүү явуулсан бичлэгийг ил болгосон бөгөөд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хөндсөн юм.
Тэгвэл УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10:00 цагт нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ Т.Чимгээд холбогдох хэргээр УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэдгийг тодотголоо.
Тэрбээр “Шүүх, эрх мэдэлд үүссэн гажуудал, ёс зүйн манлайлалгүй, шүүх засаглалын нэр хүндэд халдсан зарим шүүгчид одоо ажиллаж байгаа Ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж байна. Нөгөө талаараа хуулийн байгууллага хэрэг мөрдөх, шалгах явцдаа иргэний эрхийг зөрчихгүй байх тодорхой саналыг ойрын хугацаанд бэлтгэж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгож байна. Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан бусармаг үйлдэл дахиж хэзээ ч гарах ёсгүй. Хуулийн байгууллагын хүний эрхэд илт халдаж, ял хүлээлгэдэг бичлэг, гомдол их ирж байна. Шударга ёс хуулиар тогтох ёстой. УИХ-ын тухай хуулийн Хяналт шалгалтын хуулийг хэлэлцэн батлах ёстой. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тухайлбал, иргэн Т.Чимгээд холбогдох хэргийн хүний эрхийн зөрчил гаргасан эсэх асуудлаар УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулж ажиллах ёстой байна” хэмээн ярилаа.