Европын Холбоо /ЕХ/ Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлттэй холбоотой 11 хүнд хориг арга хэмжээ авч буйгаа даваа гарагт мэдэгдлээ.
ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзах үеэрээ тэдэнд хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар тохиролцжээ. 27 гишүүнтэй тус холбоо Мьянмарын зэвсгийн наймаанд хэдийн хориг тавьсан бөгөөд цэргийн өндөр албан тушаалтнуудад 2018 оноос хойш хориг арга хэмжээ аваад байгаа юм.
“Бид цэргийн эргэлт гаргах, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авна” гэж ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жозеп Боррель мэдэгджээ. Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маасын мэдээлснээр, ардчиллыг дэмжигч жагсагчдын эсрэг хүч хэрэглэх явдал тэвчишгүй түвшинд хүрчээ.
ЕХ Мьянмарын цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар “Reuters” агентлаг гуравдугаар сарын 8-нд мэдээлсэн юм.
ЕХ-ноос хориг тавьсан хүмүүст Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин, цэргийн эргэлтээс хойш Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Мьин Шве нар багтжээ.
ЕХ цаашид хариу арга хэмжээнүүдээ чангатгаж, ЕХ-ны хөрөнгө оруулагчид, банкнуудыг Мьянмарын Зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж ЕХ-ны дипломатчид мэдээлсэн байна.