УИХ дахь АН-ын авсан хоёр дахь завсарлага дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганд УИХ-ын 65 гишүүн ирцээ бүртгүүлжээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д мэдүүлсэн юм.
Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 53 нь дэмжсэн тул Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.