Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах \”Спортын
төв ордон” гэх хуучин барилгыг солих цаг болсон. Мундагууд, бидний бахархал
болсон олимп, дэлхийн аваргууд бүгд эндээс л төрөн гарсан. Гэхдээ ирээдүйн
аваргуудыг бэлтгэхэд энэ байгууламж яавч тохирохгүй.
Ер нь ашиглалтын шаардлага хангахаа болиод удаж байгаа.
Тиймээс болж өгвөл яаралтай нурааж, оронд нь орчин үеийн спорт ордонтой болохыг
тамирчид гэлтгүй Монголчууд бүгд л хүсч байгаа нь ойлгомжтой. Даанч Монгол Улсад спорт ордон барих нь битгий хэл төрийн
албан хаагчдынхаа цалинг асуудалгүй тавьчих чадамж алга. Бидний амны хэллэг
болоод буй \”эдийн засгийн хямрал” гэгч нь нүүрлэчихээд байгаа нь тэр. Эдийн
засаг нь хямарчихсан улс спорт ордноор юу хийхэв. Хямралаас л гарсан нь дээр
биз дээ.
Гэтэл хямралыг ч үл ажран шинэ спорт ордон барихаар 110
сая ам.доллар буюу 250 гаруй тэрбум төгрөгийг БНХАУ-аас зээлэхээр яригдаж
эхэллээ. Хэрвээ Засгийн газар нааштай шийд гаргавал БНХАУ-ын \”Шанхай Констракшн”
спорт ордон барих төслийг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ ч илэрхийлсэн гэх юм. Монгол Улсад санхүүжилт нэн шаардлагатай байгаа. Гэвч
санхүүжилт хэрэгтэй салбартаа л зарцуулагдах ёстой юм. Уг нь манайд спортын
ордон хэрэгтэй л дээ. Гэвч эдийн засаг сайжиртал спорт ордны асуудлыг түр
хойшлуулж болмоор санагдаж байна.
Спортын төв ордон л муудчихаад байгаа болохоос биш \”Буянт-Ухаа”
спорт цогцолбор гээд шинээрээ барилга нийслэлийн баруун урд зүгт дүнхийж байна
шүү дээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн спорт цогцолбор \”Найрамдал”-ын ойролцоо ч
оршин тогтнож байна.
Газар нутгаа ашиглуулж байгаа юм хойно түрээсийг ярилцаж
болмоор. Мөн Монголоо гэсэн сэтгэлтэй л бол хэдэн тамирчдаасаа талбайгаа
харамлахгүй л байлгүй гэж бодогдох юм. Тэгээд ч шигшээ багийн бэлтгэл спортын
төв ордонд гэхээсээ амралтын баазуудад л өрнөөд байх шиг харагддаг. Тэгэхээр
хэдэн даргын оффисыг барихын тулд урд хөршөөс нэн яаралтайгаар энэ их хэмжээний
зээл авах шаардлагагүй л санагдаад байгаа юм.
Мэдэхгүй юм даа. Албан тушаалд байгаа үедээ улс орон
хямарсан байгаа эсэхийг үл хамаарч өндөр өртөгтэй зээл авч байшин барих нь хэн
нэгний дур хүслээ биелүүлж буй явдал биз дээ. Түүнээс үнэхээр улс орноо боддог хүн бол олж ирсэн хэрэг
цаасаараа сургууль, цэцэрлэг, түлэнхийн төв, төрөх эмнэлэг барьчихаад малийж
явах байх даа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг