Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг:
“Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байсан боловч байлдагч Б гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна.
Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн дараах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Нэгдүгээрт, 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хоёрдугаарт, Хуурай замын цэргийн командлалын зарим албан тушаалтан хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгөөд байна. Үүнд:
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоохоор шийдвэрлээд байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдлыг эцэг эх, ар гэрийнхэнд нь танилцуулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Тус хэрэгт холбогдолтой дэслэгч Г-г ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн, хэрэг бүртгэлт мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэлээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:
“Манай харьяаны Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай үйл явдал болж, хугацаат цэргийн алба хаагчийн амь нас эрсэдсэнд ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Би энэ мэт зохисгүй үйлдлүүдийг боломжит бүх л чиглэлээр ажиллаж байна.
Бид хариуцлагаас зугтахгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор томилогдсон эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно гэвэл миний бие хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.
Гэхдээ бид өөрсдийн эрх хэмжээний хүрээнд салаа, салбарын офицерууд болон тухайн өдөр байсан жижүүр эргүүлийн бүрэлдэхүүнд хариуцлага тооцож байгаа” хэмээн хэлэв.