Даваа гарагт Казахстан улс өөрийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж эхэлжээ.
Казахстаны төрийн өмчит Биологийн Аюулгүй Байдлын Судалгааны Хүрээлэнд бүтээсэн QazCovid-in (мөн QazVac гэж нэрлэж байгаа) хос тунт вакцин нь одоо туршилтын сүүлчийн буюу гурав дахь шатандаа яваа юм байна.
Вакцины эхний 50,000 тунг Казахстан даяар ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдэд тараажээ.
Бөөнөөр үйлдвэрлэх асуудлаар Турк улсын мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцээ хийж байгааг
Казахстаны эрүүл мэндийн сайд Алексей Цой мэдэгдсэн байна. Тэрбээр Даваа гарагт эх орондоо бүтээсэн вакцины анхны тунг телевизийн камерны өмнө тариулсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн дэлхийн цөөхөн улс үндэстнүүдийн нэг болсондоо баярлаж, бахархаж байгааг мэдэгдэж байв.
Одоогоор тус улс хүн амын дархлаажуулалтдаа Оросын Спутник V вакциныг хэрэглэж байгаа. Энэ оны эхээр Казахстан улс уг вакциныг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ОХУ-ын бүтээсэн вакциныг гадаад улсад үйлдвэрлсэн анхны тохиолдол болсон юм.
Өнөөдрийн байдлаар Казахстаны 19 сая хүн амын 5 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагджээ.
Эх сурвалж: Global Times