2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын мэргэжлийн гэх \”Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногийн ажлынхаа талаар хийсэн хэвлэлийн хурал дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат \”Засгийн газрын гишүүд зарим нэг зардлаасаа татгалзах санал оруулсан боловч харамсалтай нь УИХ дээр Ардын нам ард түмнийхээ цалин тэтгэврийг хасч, танаж эхэллээ гэж сөрөг хүчин улстөржүүлсэн тул уг санал буцсан” гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр цацлаа.
\”Мэргэжлийн бус” Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 23-нд 8 төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид олгож байсан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 3 сар болгох, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хүчингүй болгох, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургаж байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан.
Гэвч төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч УИХ-ын гишүүдийн олонхийн шийдвэрээр хууль санаачлагчид буцсаныг монголын ард түмэн мэдэж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудлыг дэмжиж байсан төдийгүй 16 дэд сайдын орон тоог хасч Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан, одоо ч энэ шаардлагыг тавьсаар байгаа болно.
Өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ сөрөг хүчнээс болсон мэтээр тайлбарлаж, ард түмэндээ амласан амлалтаасаа буцсан бодит үнэнээ нуун хайцаалах гэсэн увайгүй оролдлогоо зогсоох нь зүйтэй гэж МАН-ын Засгийн газарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг