Токиогийн Олимп, Паралимпын наадам эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед коронавирусний халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдсээр байгаагаас гадна вакцинжуулалтын явц удаан хэвээр байгаатай холбоотойгоор Японы иргэдийн 59.7 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй гэж үзэж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Өнгөрсөн бямба гаргаас эхлэн хоёр хоногийн хугацаанд орон даяар утсаар явуулсан санал асуулгад оролцогчдын 25.2 хувь нь наадмыг танхимын үзэгчгүйгээр явуулах хэрэгтэй гэж үзсэн бол 12.6 хувь нь олон улсын спортын тэмцээнийг тодорхой тооны үзэгчидтэйгээр явуулах хэрэгтэй хэмээн хариулсан байна.
Эдгээр дүнгээс үзэхэд коронавирусний халдварын улмаас хэдийнээ нэг жилээр хойшлоод буй Олимпын наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд олон нийт эргэлзэх болсон нь харагдаж байна. Япон улсад одоо халдварын дөрөв дэх давлагаа дэгдээд байгаа бөгөөд илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болоод байгаа юм.
Хэдийгээр Олимпыг зохион байгуулагчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа боловч санал асуулгад оролцогчдын 87.7 хувь нь гадаадын тамирчид, тэднийг дагалдан ирэх хүмүүс халдвар тарааж болзошгүй гэдэгт санаа зовниж байна.
Токиогийн Олимпыг ирэх долоодугаар сарын 23-наас, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод буй юм. Одоогоор Токио нь “COVID-19”-ийн улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоосон есөн мужийн тоонд багтаж байна.
“Kyodo” агентлагаас энэ оны дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар оролцогчдын 39.2 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй, 32.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулж байсан бол ердөө 24.5 хувь нь наадмыг товлосны дагуу явуулах хэрэгтэй гэж хариулж байв.
Гэвч сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо орон даяар өссөний улмаас эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байна. Мөн орны хүрэлцээ муудсантай холбоотойгоор гэртээ нас барах өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна шинэ хувилбарууд тархаж, вакцинжуулалтын явц удаашралтай байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулах болжээ.
Сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Японд вакцинжуулалтын явц удаан байна гэж оролцогчдын 85 хувь нь үзсэн бол 71.5 хувь нь цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээнд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Энэ нь Ерөнхий сайд Сүга Ёшихидэг үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Ийнхүү иргэд Засгийн газрын хариу арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоор С.Ёшихидэгийн Засгийн газрыг дэмждэггүй хүмүүсийн үзүүлэлт 47.3 хувь буюу өнгөрсөн есдүгээр сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 36.1 хувьтай байжээ. Мөн дэмжигчдийнх нь түвшин 44 хувиас 41.1 хувьд хүрч буурсан байна.
Засгийн газар вакцинжуулалтаа эрчимжүүлэхээр ажиллаж байгаа боловч нийт 126 сая хүн амынхаа ердөө 3 орчим хувьд эхний тун вакциныг тарьсан нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 9 хувиас хавьгүй бага байгааг Оксфордын их сургуулийн тоон мэдээлэл харуулж байгаа юм.
Санал асуулгад оролцогчдоос Японы тамирчдыг вакцинжуулахыг чухалчлах шаардлагатай эсэх талаар асуухад 53.9 хувь нь тийм, 13.1 хувь нь үгүй гэж хариулсан бол 32.7 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна. Үүнээс гадна улсын хэмжээнд коронавирусний шинэ хувилбарууд тархах болсонд 90.3 хувь нь санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү судалгаанд санал өгөх эрхтэй сонгогчидтой 715 өрх, 1254 гар утасны дугаарыг санамсаргүй байдлаар сонгон хамруулсан бөгөөд 542, 523 хүн тус тус хариулт өгсөн байна.