-Цар тахалтай холбоотойгоор бизнес, хөрөнгө оруулалт зогсчихлоо л доо. Төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж, хувийн аж ахуйн нэгжүүдийн бизнес хумигдсаар байна. Засгийн газар хувийн хэвшил рүүгээ дайрсан, довтолсон хандлага ч тод анзаарагдах боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын орчин үүнийг дагаад огцом муудсан гэдэгтэй та санал нийлэх үү?
Бизнесийн үйл ажиллагаа, түүнийг дагаад эдийн засаг муу байгаа гэдэгтэй санал нэг байна. Харин гадаадын хөрөнгө оруулалтын хувьд нөхцөл байдал өмнөх жилүүдийн нэгэн адил харьцангуй идэвхгүй хэвээр байна л даа. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байгаа гэж би хувьдаа үздэг. Эхнийх нь 2008 оны санхүүгийн хямралын дараа ихээхэн идэвхтэй байсан гадаадын хөрөнгө оруулалтын хандлагыг бид тухайн үедээ хэвээр хадгалах, нэмэгдүүлэх тогтвортой бодлого барьж чадсангүй, зарим талаараа үргээх байдалтай ажилласан. Хоёр дахь нь таны хэлж байгаа хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбарт хандаж байгаа хандлага. Засгийн газрын зүгээс таны хэлсэнчлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь үндсэн зорилго хууль бус үйл ажиллагаатай тэмцэж уул уурхайн салбарыг шударга, сайхан болгох гээд байгаа мэт. Гэтэл бодит байдал дээр хууль бусаар байгалийн баялгийг гартаа оруулсан этгээдүүд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд, уул уурхай хайгуулын үйл ажиллагаа зэрэг бүхэлдээ өртөөд байх шиг. Тэгж л харагдаад байна. Иймд юутай тэмцэж, юуг дэмжээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй байх. Энэ нь өмнөх бодлого, ялангуяа хэрэгжилтийн гэж болох алдаан дээр нэмэгдээд хөрөнгө оруулалтын орчныг эргэлзээтэй болгож байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх хамгийн гол хүчин зүйл гэвэл та юуг онцлох вэ?
Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг би хувьдаа сайн гэж үздэг. Гадаад зах зээлийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эерэг, бид дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд оршдог гэх мэт гадаад орчин талаасаа нааштай зүйлс бий. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын тал дээр Монгол улс муу гэж хэлэгдэхээргүй нөхцөлтэй. Зарим талаар таатай гэж хэлж болно. Гэтэл яагаад биднийг сонирхож байсан гадаадын хөрөнгө оруулалт дөлөөд эхлэв гэдэгт бид дүгнэлт хийх цаг болсон. Үүний гол шалтгаан нь энгийн л дээ. Бид тогтвортой бодлогогүй. Хэрэгжилт талд бүр авах юмгүй. Үүнээс гадна бид худлаа ярьдаггүй байх хэрэгтэй. Өмнө ярьж байсан зүйл нь өөрчлөгддөг, нэгнийхээ ярьж байсныг нөгөө нь гарч ирээд үгүйсгэдэг хандлага бүр үзэгдэл болчихсон. Зөвхөн би ч биш гадаадын гол түншүүдийн зүгээс ч ингэж үздэг. Өөр нэг том шалтгаан бол улс төржилт. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн тал дээр тооцоо судалгаагүй, баримжаагүй дур зоргоороо мэдэгдэл хийдэг улс төрчид дүүрэн байна. Наад захын жишээ гэхэд л Оюутолгой төслийг ярьж улстөр хийдэг, тэгж хийсэн улстөрөөрөө ард түмнээс оноо авч гаршсан, тэр үзэгдэл сонгуулийн үед улам идэвхждэг. Оюутолгойг эсэргүүцэж улстөр хийгээд сонгогддог УИХ-ын “бүлэг”-тэй шахуу болсон нь хэн бүхний нүдэнд ил өрнөж буй үзэгдэл шүү дээ. Энэ мэт алдаануудаас засч байж гадны хөрөнгө оруулалтыг татаж чадна.
-Гадаадын хөрөнгө оруулалт дундаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт байхын хамгийн том өгөөж нь юу вэ. Эдийн засгийн тусгаар тогтнол талаасаа зайлшгүй хэрэгтэй гэх байр суурь дуулддаг…?
Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт зайлшгүй хэрэгтэй. Үүн дотроос таны онцолж асуусан гуравдагч хөршийн асуудал бидний зайлшгүй анхаарах ёстой гадаад харилцаа, эдийн засгийн том асуудал. Монгол хоёр том гүрний дунд оршдошг жижиг улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтад онцгой байдлаар хандах учиртай. Тодруулж хэлбэл гадаад бодлогын баримт бичигтээ дурдсан үзэл баримтлалынхаа дагуу хандах хэрэгтэй л дээ. Манай улс бол хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа эрхэмлэхээс гадна гуравдагч хөршийг чухалчлах бодлоготой. Энэ утгаараа бидэнд гадаадын хөрөнгө оруулалт, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гарцаагүй чухал. Эдийн засгийн аюулгүй байдлын хувьд бид хөрөнгө оруулалтын тэгш байдлаас гадна улс орны эдийн засгийг чадавхижуулах тал дээр илүү анхаарах гэх мэт олон чухал асуудал бий.
-Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй байхын шалтгаануудыг нэрлээч, зарим улстөрчдийн ярьдаг шиг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдийнхөө хүчээр эдийн засгаа босгох боломжтой улс юм уу?
Гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй эсэхийг тодорхойлохын тулд бид өнөөдөр хаана байгаа, хаашаа зорьж байгаагаа бодох хэрэгтэй. Бодохоос гадна хаашаа зорьж яваагаа, үнэт зүйл, үндэсний онцлогт суурилсан ирээдүйн Монгол ямар байхыг нарийн тодорхойлох шаардлагатай. Энэ их чухал. Одоо бидэнд 2050 гэх мэт хэтийн төлөвт чиглэсэн баримтууд бий. Хоёр зүйл их тодорхой. Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байна. Тэгвэл ирээдүйн сайн сайхан Монголыг бий болгоход өнөөгийн ертөнцөд хамгийн чухал зүйл нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалт. Чухамдаа мөнгө. Бид өнөөдөр дотооддоо аль ч түвшинд халаас нимгэн. Иймд гадаадын хөрөнгө оруулалт бидэнд зайлшгүй чухал болж байна. Хоёр дахь гол чиглэл нь технологи. Энэ чиглэлд ч гэсэн бид гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийн тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгох хэрэгтэй. Бид үүнийг хэрэгтэй гэхээсээ гадна хэрхэн хэрэгжүүлэхээ бодох цаг нь ирчихсэн.
-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчидтай маргаан үүсгэж арбитрт очоод ялагдаж өр төлбөрт унасан жишээ ганцаар тогтдоггүй. Арбитр хүртэл асуудал хурцдаад өөрсдөө өр төлбөрт унаад байдаг нь эдийн засгийн тогтвортой бодлогогүйтэй холбоотой байна уу, эсвэл улстөрийн шгалтгаан байна уу?
Гадаадын хөрөнгө оруулагч ороод ирэнгүүт тулгардаг нэг том асуудал бол төрийн байгууллагуудын дарамт шахалт. Үүнээс гадна хамтрагчаа залилуулах аюул давхар тулгарч байна л даа. Үүн дээр нэмээд авилга гол асуудал болдог. Ийм шалтгаанууаар хөрөнгө оруулагчид Монголыг орхихоос аргагүйд хүрдэг. Үүнээс гадна бодлогын тогтворгүй байдал, улс төржилт зэрэг дээр дурдсан асуудлууд бий. Бид хууль эрх зүйн хүрээнд урьж оруулж ирчихээд түүнийгээ биелүүлдэггүй нь ялагдах үндсэн нөхцөл болж байна.
-Манайх шиг хөгжиж байгаа зах зээл гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгаа тэлэх боломжтой юу?
Бид хаана яваагаа, юунд зорьж байгаагаа сайн ухаарах хэрэгтэй гэж давтан хэлмээр байна. Бидний хувьд байгаа байдал нь их дор, хүсэл мөрөөдөл нь тээр өндөрт байна. Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаа тэлж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх л хамгийн чухал алхам. Цаашилбал боловсрол, эрүүл мэндийн салбарыг бодлогын түвшинд бүрэн шинэчлэх шаардлага бий. Энэ бүгдийг хийхэд гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж зайлшгүй хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгаа тэлэх хувилбар онолын хувьд бий юу гэвэл бий. Гэхдээ ийм замаар явбал маш урт хугацаа шаардагдана. Гэтэл өнөө үед дэлхий хэрхэн хурдтай хөгжиж байгаа билээ.
-Манай улсын өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалтын дүр зургийг харахаар хэт нэг улсаас хамаатай мэт анзаарагддаг. Хэт нэг улсаас хамааралтай байх нь ямар сөрөг талтай вэ?
Энэ талаар дээр дурдсан. Ер нь бидний хувьд гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд олон тулгуурт бодлоготой байх нь зөв болов уу гэж би хувьдаа боддог. Нэг улсаас хэт хамааралтай байх нь аюулгүй байдлаас гадна эрсдлийг ихээхэн нэмэгдүүлэх талтай. Бидний өнөөдрийн нөхцөл байдал үүнийг тодорхой харуулж байгаа болов уу.
Ц.Баасансүрэн