20-р зууны суут зохиолч Д.Нацагдоржийн оньсого мэт амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн СГЗ Ш.Гүрбазарын \”Жаргаагүй нар” түүхэн жүжгийг театрын уран бүтээлчид маргааш буюу энэ сарын 4-ны өдөр 18 цагаас олны хүртээл болгох гэж байна.
Энэ жүжгээр их зохиолчийн үлгэр домог шиг 31-хэн нас, бүтээсэн бүтээлээр хүмүүний зүрхэнд мөнхөрсөн түүхэн замналыг харуулахаараа онцлог юм. Жаргасан ч жаргаагүй мэт бүтээлтэй агуу зохиолч хэрхэн амьдарсан бол.
Эл жүжгийн зохиолч Ш.Гүрбазар \”Үзэгчид хоёр л зүйлийг хараасай. Бид Д.Нацагдоржийн амьдрал, намтрыг нь үнэлэх гэж яаараагүй. Харин Нацагдорж хэмээх энэ туульсыг яаж үнэлэх вэ гэдэгт анхаарал хандуулсан. Мөн жүжигт улс төр, цаг хугацааны үнэлгээгээр хандахыг огт хүсээгүй. Зохиолд хэрэгтэй зайлшгүй үйл явдлуудыг түүж жүжигтэй гаргах гэж оролдсон. Жүжиг бүхэлдээ туульсын, чанадын чанадад нэвтрэх гэж хийсэн юм. Ер нь хүний хүсэл мөрөөдлийн зогсоох цагт хүн өөрөө мөхдөг гэдгийг харуулж байгаа” хэмээв.
Тус уран бүтээлийн гол дүрд болох Д.Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламд жүжигчин Н.Баярмаа нар бүтээнэ. Мөн \”Жаргаагүй нар” жүжгийн нээлтийн үеээр их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн хөгжүүлсэн талаар \”Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх нь.
\”Жаргаагүй нар\” жүжгийн дууг сонирхуулж байна.
эх сурвалж: sorgog.mn