Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд “групп тогтоож” мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй билээ.
Тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон ажилтан эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдсон талаар бид өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан.
Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Ийм байдлаар групп тогтоон, иргэдийг тэтгэвэрт гарахад нь тусалж, хахууль авч байсан гэх зэрэг үйлдэлд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг шалгаж, бусдаас 500-гаад удаа хахууль авсан хэмээн буруутгасан юм.
Уг хэрэгт тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Бейсен холбогдуулаад байна. Энэ хэргээс гадна түүнийг бусдаас хахууль авсан хэмээн өөр нэг үйлдэлд яллагдагчаар татахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. НПГ-аас баталсан, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг АТГ-ынхан УИХ-ын гишүүнд танилцуулаагүй байгаа бололтой.